card

БЭЛГЭДЭЛ

Сургуулийн тугны тайлбар

Сургуулийн туг нь нил ягаан өнгийн дэвсгэр дээр бэлгэ тэмдгийг цагаанаар дүрсэлж, сургуулийн нэрийг ARVIS хэмээн латинаар бичсэн 95х190 см хэмжээтэй байна. Шар өнгийн цацгаар тугаа тойруулсан нь бидний үйл хэрэг, алсын хараа дөрвөн зүг, найман зовхист ашид мөнх мандан бадрахыг бэлгэднэ. Сургуулийн тугийг захирлын өрөө, сургуулийн хаалганы хажууд, сургуулийн хүндэтгэлийн өрөөнд байрлуулж болно. Тугийг хичээлийн шинэ жилийн нээлт, багшийн тангараг өргөх ёслол болон бусад ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр танхим, талбайд хүндэтгэн зална. Мөн сургуулийн тугийг орон нутаг болон гадаад улс оронд албан ажилд зөөврийн хэлбэрээр ашиглах бөгөөд хариуцан авч яваа албан тушаалтан тугийг гэмтээхгүй, хаяж үрэгдүүлэхгүй байх үүрэг хүлээж, бүсэлхийнээс доош хадгалах, тавихыг хориглоно.

Сургуулийн тугны тайлбар
Сургуулийн логоны тайлбар

Сургуулийн логоны тайлбар

Сургуулийн бэлгэ тэмдэг нь нил ягаан өнгийн дэвсгэрт дугуй дотор тарианы гурван үр суурьт, хязгааргүйн тэмдэг бүхий дэлгэсэн ном, дэлгэмэл тэмдэг, жижиг дугуй дүрсийг байрлуулсан цагаан өнгийн дүрслэлтэй цогцолбор байна. Гурван үр нь эрүүл саруул бие бялдар оюун санаа, ёс суртахуун болон энэрэнгүй зүрх сэтгэлийг илэрхийлнэ. Дэлгэсэн номын дүрс нь хязгааргүй эрдэм мэдлэг, чадвар, төлөвшлийг эзэмших утгыг бэлгэдэнэ. Дугуй дүрс болон дэлгэмэл тэмдэг нь эрдэмт зөв хүн зөв нийгмийг бүтээн дэлгэрүүлэх утга санааг агуулна. Цагаан өнгө нь цэвэр, ариун байдлыг, нил ягаан өнгө нь галын дээд өнгө агаад эрх мэдэл, язгуур, нэр төр, зөн билэг, оюун санааны өндөр чадвар, эрчмийг бэлгэддэг байна. Эрүүл саруул бие бялдар, оюун санаа, өндөр ёс суртахуун, энэрэнгүй зүрх сэтгэлтэй Арвис сургуулийн багш, ажилчид, сурагчид хязгааргүй эрдэм мэдлэгийн далайгаас насан туршдаа суралцсанаар энэрэнгүй зөв үйл нь үргэлжид язгуур дээд заяан доор сэтгэлчлэн бүтэж цэвэр, ариун сэтгэлээр сайн сайхан бүхнийг түгээн дэлгэрүүлж, ЗӨВ НИЙГМИЙГ БҮТЭЭНЭ.

Сургуулийн тангараг

Алдаршин мөнхжих АРВИС сургуулийн сурагч БИ

Ачлалт аавыгаа хайрлан хүндэлж

Энэрэлт ээжийгээ энхрийлэн жаргаана

Эрдэмт багш нараа сурлагаараа баярлуулж

Энэ биеэ эх орондоо зориулна

Ах, эгч, дүү нараа халамжлан хүндэлж

Ахмадын сургаалыг ёсчлон дагана

Эрдэнэт биеэ эрдмээр чимж

Энэ хорвоод нэрээ мөнхөлнө

Би

Бусдад муу үйл хийхгүй, буян хишгээ хайрлана

Бие сэтгэлээ ухаарлаар ариусгаж өөрөө жаргана

Ээж, аав, эрхэм багш нартаа

Энэ бүхнээ мөрдөж явахаа амлаж байна БИ

Андгайлж байна БИД

 

Сургуулийн сүлд дуу

Алдрайхан багын минь ариухан дурсамж

Арвис таныгаа магтан дуулъя

Ариун эрдмийн шимийг хүртээсэн

Ачит багшаа магтан дуулъя

Арвис Арвис хүүхэд насны минь гэгээн дурсамж

Арвис Арвис хөгжүүн үеийн мөнхийн дуулал

Энхийхэн багын минь насны баяр

Эрдмийн өргөө сургуулиа дурсана

Энэрэл буянаа надад зориулсан

Ээж аавдаа баярлан дуулъя

Арвис Арвис гэнэн насны минь гэгээн дурсамж

Арвис Арвис гэрэлт ирээдүйн мөнхийн дуулал

Тоодойж богинодсон дүрэмт хувцасаа

Тоглож суусан анги танхимаа

Томоогүй насныхаа гэнэхэн үеээ

Тойрч суугаад дурсан дуулъя

Арвис Арвис сурагч насны минь гэгээн дурсамж

Арвис Арвис сувдрах жилүүдийн мөнхийн дуулал